Өнөөдрийн зурхай
Ubfocus

18-аас доош насныхан скүүтер унавал эцэг, эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно

Sarantsetseg
Author
July 8, 2026
1 min read
229 views
18-аас доош насныхан скүүтер унавал эцэг, эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно

Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг анх удаа хуульчлан зохицууллаа.

Шинэчилсэн зохицуулалтаар цахилгаан дугуй, скүүтерийг "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж хуульд тодорхойлсон бөгөөд жолоодох нас, бүртгэл, сургалтын шаардлагыг шинээр тогтоожээ.

Шинэ зохицуулалтын гол өөрчлөлтүүд

  • 18 нас хүрсэн иргэн мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.

  • Эдгээр тээврийн хэрэгслийг заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ.

  • Жолооч нь мэргэжлийн сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй байх шаардлагатай.

  • 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг, эх, асран хамгаалагчийг 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгоно.

Мөн шинэ хуулиар мопед, скүүтерийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зогсоолоос бусад газарт дур мэдэн байрлуулахыг хоригложээ.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам, явган хүний зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, орон сууцны хорооллын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг газарт байрлуулахыг зөвшөөрөхгүй юм.

Шинэ зохицуулалт нь цахилгаан скүүтер, мопедын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд холбогдох журмууд үе шаттайгаар хэрэгжиж эхлэх юм.

Related Stories