Өнөөдрийн зурхай
Ubfocus

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын эхний 87 км-ын ажил дууслаа

Sarantsetseg
Author
August 9, 2026
2 min read
227 views
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын эхний 87 км-ын ажил дууслаа

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км хэсгийн үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлууд үргэлжилж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.09) төслийн талбайд ажиллаж, төмөр замын доод болон дээд бүтцийн ажил дууссаны дараах чанар, ашиглалтад бэлтгэх ажлын явцтай танилцан, газар дээр нь хяналт тавилаа.

Эхний 87 км урттай төмөр зам нь Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун чиглэлд үргэлжилдэг бөгөөд одоогоор хайрга чигжих, замын нягтрал шалгах, дээд бүтцийн эцсийн тохируулга зэрэг ашиглалтад бэлтгэх ажлууд хийгдэж байна.

Гүйцэтгэгч компаниуд дараагийн шатанд шилжжээ

Төслийн бүтээн байгуулалтад оролцсон ихэнх компани үндсэн ажлаа дуусгаж, гүйцэтгэлээ хүлээлгэн өгсний дараа санхүүжилтээ авч, техник, хүн хүчээ төслийн дараагийн хэсэг болох Шувуун фабрик–Эмээлт чиглэлийн ажилд шилжүүлээд байгаа аж.

Уулын хүндрэлтэй хэсгийг хоёр хоногт дуусгажээ

Мөн инженерийн хувьд хамгийн хүндрэлтэйд тооцогдож байсан уулын амны нарийн хэсэгт нэмэлт зохион байгуулалт хийж, "Жинжи майнинг" компанийн техник, хүн хүчийг дайчлан ажиллуулснаар тухайн хэсгийн ухмалын ажлыг хоёрхон хоногийн дотор бүрэн дуусгажээ.

Ингэснээр дээд бүтцийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд ажлаа саадгүй үргэлжлүүлэх боломж бүрдсэн байна.

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд зарим хэсэгт 24 цагаар хоёр ээлжээр ажилласны үр дүнд эхний 87 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа дуусаж, одоо ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажилд төвлөрөн ажиллаж байгааг Зам, тээврийн яам мэдээллээ.

Related Stories