Помпей хотод хийгдэж буй шинэ археологийн малтлагын үеэр эрдэмтэд Везувий галт уулын дэлбэрэлт хүмүүсийг яг хэрхэн хөнөөсөн талаарх өмнөх ойлголтыг өөрчилж болзошгүй ховор олдворууд илрүүлжээ.
Судлаачдын мэдээлснээр шинээр илэрсэн хүний араг яс, үнс болон барилгын үлдэгдлүүд нь хүмүүс зөвхөн халуун үнс, лааванд дарагдаж нас бараагүй, харин маш өндөр температуртай хийн давалгаанд өртөн агшин зуур амиа алдсан байх магадлалтайг харуулж байгаа аж.
Тухайлбал, зарим араг ясны байрлал, ясны гэмтлийн хэлбэр нь хүмүүс амжиж зугтаж ч чадалгүй, хэдхэн секундийн дотор асар хүчтэй халуунд өртсөнийг илтгэж байгаа талаар археологичид онцолжээ.
Мөн малтлагын үеэр тухайн үеийн чинээлэг айлын өрөө тасалгаа, ханын зураг, ваар сав, үнэт эдлэл болон галын ул мөр маш сайн хадгалагдсан байдалтай илэрсэн байна. Зарим өрөөнд хүмүүсийн өдөр тутмын амьдрал яг зогссон мэт хадгалагдан үлдсэн нь эрдэмтдийг гайхшруулжээ.
“МЭ 79 оны Везувий галт уулын дэлбэрэлт” нь Помпей болон Херкуланум хотуудыг бүхэлд нь сүйтгэсэн түүхэн гамшигт тооцогддог. Олон мянган хүн хэдхэн цагийн дотор амиа алдсан гэж үздэг юм.
Шинэ олдворууд нь тухайн үеийн хүмүүсийн сүүлчийн мөч, гамшгийн бодит нөхцөлийг илүү нарийн ойлгоход чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзэж байна.
эх сурвалж: Archaeology Magazine





