2026 FIFA World Cup буюу ДАШТ-2026 нь 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болно.
“Спортс Иллюстрэйтед” сэтгүүл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор “SI Beyond the Pitch” нэртэй хөгжмийн тусгай төсөл эхлүүлж байгаагаа зарлалаа. Төслийн хүрээнд АНУ-ын Лос-Анжелес, Даллас, Майами, Нью-Йорк хотуудад томоохон тоглолт болон VIP үдэшлэгүүд зохион байгуулах аж.
Тоглолтуудад дэлхийн хэмжээний уран бүтээлчид болох 50 Сент, Нелли, “Чэйнсмокерс”, Дипло, Гордо нар оролцохоор болсон талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Төслийн нээлт зургаадугаар сарын 12-нд Лос-Анжелес хотын “Hollywood Palladium” танхимд болж, рэппер Нелли тоглолтоо хийх юм. Үүний дараа Даллас хотын “SILO” клубт Гордо, Майамид “The Chainsmokers”, харин Нью-Йорк хотын “Cipriani Wall Street” төвд 50 Сент болон Дипло нарын оролцсон хаалтын шоу болох аж.
Мөн Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА ДАШТ-ийн нээлтийн ёслолыг АНУ, Канад, Мексик улсад тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. “The Athletic” хэвлэлийн мэдээлснээр, АНУ-ын тоглолтод Кэти Перри, Канадын арга хэмжээнд Майкл Бубле, Мексикийн шоуны үеэр “Mana” хамтлаг оролцохоор болсон байна.
Харин Колумбын дуучин Шакира Нигерийн уран бүтээлч Бурна Бойтой хамтран “Dai Dai” нэртэй ДАШТ-2026-гийн албан ёсны дууг танилцуулаад байгаа юм.
Ингэснээр ДАШТ-2026 нь зөвхөн спортын тэмцээн бус, дэлхийн хэмжээний хөгжмийн хамгийн том фестивалиудын нэг болох төлөвтэй байна.





