Өнөөдрийн зурхай
Ubfocus

АМГТГ: Наймдугаар сарын дундаас шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, нөхцөл байдал тогтворжих хүлээлттэй байна

Sarantsetseg
Author
August 10, 2026
2 min read
69 views
АМГТГ: Наймдугаар сарын дундаас шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, нөхцөл байдал тогтворжих хүлээлттэй байна

Улсын хэмжээнд үүсээд буй шатахууны хангамж, импорт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) мэдээлэл өглөө.

Монгол Улс энэ сард ОХУ-ын “Роснефть” компаниас 149,500 тонн, бусад нийлүүлэгчдээс 12,500 тонн, БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 автобензин авахаар төлөвлөж, нийт 168,000 тонн АИ-92 автобензин худалдан авах захиалга хүргүүлсэн байна.

Гадаад захиалгууд баталгаажиж, ачилт эхэлсэн бөгөөд ОХУ-аас автобензин болон бусад шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа аж.

Сүүлийн хоёр хоногт 84 вагон АИ-92 иржээ

АМГТГ-ын мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт 84 вагон буюу 5,000 гаруй тонн АИ-92 автобензин Монгол Улсад ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар буулгах өртөөнүүдэд нийт 44 вагон шатахууныг буулгаж байгаа бөгөөд:

  • Толгойт өртөө – 22 вагон

  • Рашаант өртөө – 12 вагон

  • Эрдэнэт, Дархан өртөө – 10 вагон

тус тус буулгалтын ажил үргэлжилж байна.

Хятадаас 1,000 тонн онгоцны түлш импортолжээ

Монгол Улс өмнө нь онгоцны түлшний хэрэгцээгээ бараг 100 хувь ОХУ-аас хангадаг байсан. Гэвч ОХУ-ын дотоод нөхцөл байдлын улмаас зургаа, долдугаар сард нийлүүлэлт тасалдаж, хоёр вагон түлш л орж ирсэн байна.

Үүнтэй холбоотойгоор нийлүүлэгч эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-тай хэлэлцээ хийж, өнгөрсөн долдугаар сард 3,000 тонн Jet A-1 төрлийн онгоцны түлш авах гэрээ байгуулжээ.

Үүнээс 1,000 тонн нь Монголд ирж, Замын-Үүд суманд байрлах “Сод Монгол” группийн агуулахад буулгасан байна. Тус түлшийг авиа компаниудад нийлүүлэх ажил хийгдэж байгаа аж.

Харин үлдсэн 2,000 тонн түлшийг ачсан найман вагон үйлдвэрээс хөдөлж, Эрээн боомтыг чиглэн явж байгаа бөгөөд 3-4 хоногийн дараа тус боомтод хүрэх хүлээлттэй байна.

Улаанбаатарт 260 орчим ШТС ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 260 орчим шатахуун түгээх станц ажиллаж байна.

Нийслэлийн дотоодын хэрэглээг хангахын зэрэгцээ орон нутагт нийлүүлэх нөөцийн боломж хязгаарлагдмал байгаа ч аль болох зохицуулалт хийж ажиллаж байгааг АМГТГ-аас мэдээлэв.

Мөн аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор жуулчдын зорчих гол маршрутын дагуух ШТС-уудад шатахуун хүргэх ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах чиглэлийн 3-4 байршилд шатахууны хуваарилалт хийж, орон нутгийг зорих иргэд болон аялал жуулчлалын компаниудад үйлчлэх зохион байгуулалт хийжээ.

Наймдугаар сарын дундаас нийлүүлэлт нэмэгдэх хүлээлттэй

ОХУ-ын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс гадна бусад үйлдвэрүүдээс ирэх шатахууны тээвэрлэлт тодорхой хугацаа шаарддаг байна.

Иймээс наймдугаар сарын дундаас шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, нөхцөл байдал тогтворжих хүлээлттэй байгааг АМГТГ-аас мэдээллээ.

Олон үйлдвэрээс зэрэг нийлүүлэлт орж ирснээр шатахууны нөөц нэмэгдэж, түгээлт хэвийн болох боломж бүрдэх аж.

Related Stories