Өнөөдрийн зурхай
Ubfocus

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Sarantsetseg
Author
August 10, 2026
3 min read
57 views
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.10/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

Тэрбээр үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн тасралтгүй хангамжийг баталгаажуулах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгсөн байна.

Хоёр жил гацсан төслийн ажил эрчимжжээ

Ерөнхий сайдын мэдээлснээр, Засгийн газар байгуулагдсан эхний 100 хоногт бүтээн байгуулалтын гүйцэтгэл нь 20 орчим хувьтай, хоёр жил орчим саатсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн гацааг арилгасан байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 60 гаруй хувьд хүрч, талбайд 4,500 орчим инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байгаа аж.

Тоног төхөөрөмжийн угсралтын ажил мөн бүрэн эхэлсэн байна.

276 мянган м³ багтаамжтай агуулах барьж байна

Үйлдвэрийн түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай нийт 276,430 м³ багтаамжтай агуулах савнуудын барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Мөн үйлдвэрийн хэмжээнд нийт 263 км ил, 26 км далд шугам хоолой барихаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 190 км-ийн материал татан авч, гагнаж угсран суурилуулах ажил хийгдэж байгаа аж.

Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжийн чухал тоног төхөөрөмжүүд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг өнгөрсөн тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долдугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажлыг эхлүүлжээ.

 527 км газрын тос дамжуулах хоолой 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах зориулалттай 527 км урт газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уг дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сумын газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь боловсруулах үйлдвэрийн талбай хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улсад газрын тосыг холын зайд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж байгаа юм.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж:

  • 824 мянган тонн дизель түлш

  • 396 мянган тонн АИ-95 бензин

  • 80 мянган тонн онгоцны түлш

  • 17 мянган тонн зуухны түлш

  • 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий

үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломжтой болох юм.

.  Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр бий болно

Үйлдвэрийн гадна болон дотоодын дэд бүтцийн ажил дууссан бөгөөд 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат мөн дуусжээ.

Түүнчлэн 135 айлын орон сууц, оффис, үйлчилгээний төв ашиглалтад орсон байна.

Харин 35 МВт-ын дулааны цахилгаан станц, 5 МВт-ын "Ширээт" дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 850-900 шинэ ажлын байр бий болгохоор тооцоолж байна.

Ерөнхий сайд албаныханд хэд хэдэн үүрэг өглөө

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал холбогдох байгууллага, албан тушаалтнуудад:

  • үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэх;

  • түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх;

  • барилгын материалын тасралтгүй хангамжийг шийдвэрлэх;

  • зураг төслийн магадлалыг шуурхайлуулах;

  • үйлдвэрийн эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэх;

  • нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх;

  • ажилчдын хотхон болон дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх;

  • төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэх;

  • дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх

зэрэг чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал "Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая" хэмээн онцолж, төслийн хуримтлагдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд онцгой хяналт тавин ажиллахаа илэрхийлжээ.

Related Stories