Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр А.Үйлстөгөлдөр Монгол, Вьетнамын Иж бүрэн түншлэлийн харилцаа, тэр дундаа хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэхүү айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээнд Вьетнамын Морьт цагдаагийн хороонд албан үүрэг гүйцэтгэж байсан монгол морьд оролцох бөгөөд энэ нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад ач холбогдолтойг онцоллоо.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Вьетнам Улсад, Вьетнамын Ерөнхийлөгч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалуудын үр дүнд хоёр улсын улс төрийн итгэлцэл улам бүр бэхэжсээр байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг зорилт гэдэгт санал нэгдсэн байна.

Уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, дижитал шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүнчлэн соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцжээ.





