Өнөөдрийн зурхай
Ubfocus

BTS-ийн Жонгүгийг мөрдсөн Бразил эмэгтэйд нэг жилийн хорих ял оноожээ

Sarantsetseg
Author
June 23, 2026
2 min read
160 views
BTS-ийн Жонгүгийг мөрдсөн Бразил эмэгтэйд нэг жилийн хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын шүүх дэлхийн алдарт K-pop хамтлаг BTS-ийн гишүүн Жонгүгийг удаа дараа мөрдөн мөшгөж, гэрт нь зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан Бразил улсын иргэнд нэг жилийн хорих ял оноожээ.

Сөүлийн Баруун дүүргийн шүүхээс 30 гаруй насны Бразил эмэгтэйг мөрдөн мөшгөх гэмт хэрэг болон хууль бусаар бусдын эзэмшилд нэвтэрсэн хэрэгт буруутай гэж үзэн нэг жилийн хорих ял оноосон ч уг ялыг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 8-нд гаргасан байна. Харин шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл энэ сарын 23-нд олон нийтэд ил болжээ.

Прокурорын мэдээлснээр, уг эмэгтэй 2025 оны арванхоёрдугаар сарын 7-ноос 28-ны хооронд Сөүлийн Ёнсан дүүрэгт байрлах Жонгүкийн оршин суудаг газрын орчимд нийт 22 удаа очсон байна. Тэрбээр дуучны гэрийн ойролцоо удаан хугацаагаар хүлээж зогсох, захидал болон гэрэл зураг үлдээх зэрэг үйлдлийг тогтмол хийж байжээ.

Түүнчлэн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд ганцхан өдрийн дотор Жонгүкийн гэрийн хаалганы хонхыг 133 удаа дарсан нь шүүхийн баримтад тусгагдсан байна. Маргааш нь тэрбээр хоол хүргэлтийн ажилтны араас даган орон сууцны хашаанд хууль бусаар нэвтрэхийг завдсан бөгөөд тухайн үед цагдаагийн алба хаагчид газар дээр нь баривчилжээ.

Гэвч анхааруулга өгч сулласны дараа ч мөрдөн мөшгөх үйлдлээ зогсоогоогүй тул цагдаагийн байгууллагаас Жонгүкийн оршин суудаг газарт 100 метрээс дотогш ойртохыг хориглосон яаралтай хамгаалалтын арга хэмжээ авсан байна. Хэдий тийм боловч тэрбээр хоригийг зөрчин дахин очсон тул хэргийг прокурорт шилжүүлжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл харьцангуй бага, өмнө нь гурван сар орчим хугацаанд цагдан хоригдсон зэрэг нөхцөлийг харгалзан үзсэн байна. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа түүнийг Өмнөд Солонгосоос албадан гаргах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Энэхүү хэрэг нь Өмнөд Солонгосын энтертайнмент салбар дахь алдартнуудын аюулгүй байдал, хувийн нууцын хамгаалалтын асуудлыг дахин хөндөж, хэт туйлширсан шүтэн бишрэгчдийн үйлдэлд хяналт тавих шаардлагатайг сануулсан үйл явдал боллоо.

Related Stories