Өнөөдрийн зурхай
Ubfocus

Цэц бүтэн бүрэлдэхүүнтэй болж, шинэ даргаа сонгоно

Sarantsetseg
Author
June 25, 2026
2 min read
310 views
Цэц бүтэн бүрэлдэхүүнтэй болж, шинэ даргаа сонгоно

Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн орны томилгоог Улсын Их Хурал энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Хуульд зааснаар УИХ Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнийг нэр дэвшүүлэн томилдог бөгөөд энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуульч Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Цэцийн гишүүнээр нэр дэвшүүлсэн байна.

Шинээр нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцэслэн томилохоор төлөвлөжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш нэг жил гаруйн хугацаанд түүний оронд шинэ дарга томилогдоогүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Харин шинэ гишүүд томилогдсоноор Цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй болж, дараагийн даргыг сонгох асуудал анхаарлын төвд ороод байна.

Энэ удаад Цэцийн даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганыг нэрлэж байна. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхийн санал болгосноор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон бөгөөд хууль зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн юм.

Ж.Эрдэнэбулган нь хуульч, хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн дэд профессор цолтой. Тэрээр ажлын гараагаа Дундговь аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар эхлүүлж, МУИС-ийн багш, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын холбооны гишүүн, Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн даргыг есөн гишүүн дотроосоо нэр дэвшүүлэн, нууц санал хураалтаар нийт гишүүдийн олонхийн саналаар сонгодог. Даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгох боломжтой байдаг.

Одоогийн байдлаар Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд УИХ-аас санал болгосон Ц.Цолмон, нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат, Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Ерөнхийлөгчөөс санал болгосон Э.Энхтуяа, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нар багтаж байна.

Ийнхүү Цэцийн шинэ бүрэлдэхүүн бүрдэхтэй зэрэгцэн дараагийн даргаар хэн сонгогдох вэ гэсэн улс төр, хууль зүйн хүрээний хүлээлт улам нэмэгдэж байна.

Related Stories