Сомали улсын хөлбөмбөгийн шүүгч, Африкийн 2025 оны шилдэг шүүгчээр шалгарсан Омар Абдулкадир Артан 2026 оны ДАШТ-д ажиллахаар АНУ-д ирсэн ч хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ. Тэрээр хүчинтэй визтэй байсан боловч Майамигийн олон улсын нисэх буудал дээр АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын албанд саатуулагдан, улмаар тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.
Артан нь ДАШТ-д шүүгчээр ажиллах анхны сомали хүн болох байсан бөгөөд түүнийг нэвтрүүлэхээс татгалзсан шалтгааныг эхэндээ “аюулгүй байдлын нэмэлт шалгалт” гэж тайлбарласан юм. Харин дараа нь АНУ-ын эрх баригчид түүнийг “террорист байгууллагын сэжигтэй этгээдүүдтэй холбоотой байж болзошгүй” гэх үндэслэлээр нэвтрүүлээгүй гэж мэдэгджээ.
Үүний улмаас FIFA түүнийг ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнээс хассан бөгөөд тус байгууллага хүлээн авагч улсын цагаачлалын шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Харин уг шийдвэрийн дараа UEFA Артаныг дэмжиж, ирэх наймдугаар сард болох UEFA Super Cup тоглолтыг шүүхээр томилсон нь олон улсын анхаарлыг татаж байна.
Сомалид буцаж ирэхэд нь түүнийг олон зуун хөгжөөн дэмжигчид баатар мэт угтан авч, энэ явдал тус улсын спортын хүрээнд томоохон маргаан, хэлэлцүүлэг дагууллаа.





