Өмнөд Солонгост олон нийтийг цочирдуулсан хэргийн шүүхийн шийдвэр гарч, эхнэрээ удаан хугацаанд асарч халамжлалгүй орхиж, улмаар амь насанд нь хүргэсэн цэргийн алба хаагчид 30 жилийн хорих ял оноолоо.
Хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан бөгөөд 30 гаруй насны эрэгтэй 119 дугаарын түргэн тусламжийн төвд залгаж “эхнэр маань ухаангүй болчихлоо” хэмээн дуудлага өгсөн байна. Гэвч аврагчдыг хэргийн газарт очиход гэр дотор задралын өмхий үнэр ханхалж, эмэгтэй биеийн байдал маш хүнд, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байсан шинжтэй байжээ.
Талийгаач эмэгтэй бохирдсон сандал дээр суусан хэвээр, өтгөн шингэндээ хутгалдан байсан бөгөөд арьс нь цоорч, идээлэн ялзарсан шарханд нь олон мянган ялааны авгалдай үүрлэсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны үеэр тогтоосон байна. Эмч нар түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч цусны халдвар буюу сепсисийн улмаас маргааш нь нас баржээ.
Шүүхийн материалд дурдсанаар, нөхөр нь эхнэрийнхээ биеийн байдал хүндэрснийг мэдсээр атлаа удаан хугацаанд эмнэлгийн тусламж авч өгөөгүй бөгөөд гэр бүлийнхэн, танилууддаа “бие нь гайгүй байгаа” хэмээн худал хэлдэг байсан аж. Мөн ар гэрийнхнийг нь гэртээ ирэхээс хүртэл татгалздаг байжээ.
Прокурорын байгууллага түүнийг хүний амь насанд хүрч болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж үл тоомсорлон орхисон, санаатай үл хайхарсан үйлдэл гаргасан гэж үзсэн байна.
Шүүхээс “хохирогч удаан хугацаанд хүнлэг бус нөхцөлд орхигдож, бие махбодын болон сэтгэл санааны туйлын шаналал дунд нас барсан” хэмээн дүгнэж, 30 жилийн хорих ял оноожээ.
Энэ хэрэг Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд гарсан гэр бүлийн хүчирхийлэл, үл хайхрах гэмт хэргийн хамгийн ноцтой тохиолдлуудын нэгээр нэрлэгдэж байгаа бөгөөд олон нийт “амьд хүн ийм байдалд ортлоо орхигдсон нь аймшигтай” хэмээн бухимдлаа илэрхийлсээр байна.





