Луврын музей-д өнгөрсөн оны аравдугаар сард гарсан 88 сая еврогийн үнэт эдлэлийн хулгайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Бельги улс нэгджээ.
Францын “Le Parisien” сонины мэдээлснээр, Бельгийн цагдаа нарын саатуулсан Зүүн Европын гаралтай этгээдүүдийн гар утсанд Луврын музей болон Аполло галерейн зураг хадгалагдаж байсан нь мөрдөн шалгалтыг өргөжүүлэх үндэслэл болсон байна. Үүнтэй холбоотойгоор Францын мөрдөгчид Бельги рүү очиж хамтарсан ажиллагаа эхлүүлжээ.
Мөрдөн шалгах байгууллагынхан алдагдсан үнэт эдлэлүүдийг Бельги рүү гаргасан байж болзошгүй гэсэн хувилбарыг өмнө нь ч шалгаж байсан аж. Учир нь Антверпен хот нь дэлхийн үнэт чулуу, алмаазны худалдааны томоохон төвүүдийн нэг юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францын тал өнгөрсөн онд Бельгийн холбооны цагдаагийн байгууллагаас сэжиг бүхий үнэт эдлэлийн худалдааны талаарх мэдээллийг тогтмол дамжуулахыг хүсэж байжээ.
Одоогоор мөрдөгчид хоёр үндсэн хувилбараар шалгалт явуулж байгаа аж. Нэгдүгээрт, хулгайлагдсан үнэт эдлэлүүд Францын нутаг дэвсгэрт нуугдсан хэвээр байх магадлалтай гэж үзэж байна. Харин хоёр дахь хувилбараар үнэт эдлэлийг хил давуулан гаргаж, үнэт чулууг нь салгаж авч, металлыг нь хайлуулсан байж болзошгүй гэж үзжээ. Улмаар алмааз, үнэт чулуунуудыг Антверпений зах зээлээр дамжуулан худалдсан байх магадлалтай байгаа аж.
Хэрэг 2025 оны аравдугаар сарын 19-нд гарсан бөгөөд дөрвөн этгээд автомат өргөгч ашиглан Луврын музейд нэвтэрч, Аполло галерейгаас нийт есөн үнэт эдлэл хулгайлсан байна. Хулгайчид зугтах үеэрээ хатан хаан Евгений 1354 ширхэг алмаазан шигтгээтэй титмийг унагасан нь олджээ.
Алдагдсан үнэт эдлэлүүдийг нийт 88 сая еврогоор үнэлж байгаа бөгөөд хэргийг 100 гаруй мөрдөгч шалгаж байгаа ч одоогоор үнэт эдлэлүүдийн мөр илрээгүй байгаа юм.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд хоёр сэжигтнийг баривчилсан бөгөөд тэд байцаалтын үеэр хэрэгт “бага хэмжээнд оролцсон” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараа арваннэгдүгээр сард дахин хэд хэдэн баривчилгаа явуулж, хэрэгт шууд холбоотой байж болзошгүй дөрвөн этгээдийг саатуулжээ.
Гэхдээ урьдчилсан шалгалтаар баривчлагдсан этгээдүүд нь мэргэжлийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоогүй, туршлага багатай хүмүүс байсан нь тогтоогдсон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.





