Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийг баталснаар гэр бүлийн болон өсвөр насны хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах эрх зүйн шинэ зохицуулалт бүрдлээ.
Шинэ хуулиар гэр бүл салалт, хүүхдийн асрамж, үрчлэлт зэрэг хүүхдийн эрх ашигтай холбоотой хэргийг шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр шууд дамжуулахыг хориглосон нь хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах чухал зохицуулалт болж байна.
Мөн гэрлэлт цуцлах асуудлыг хэлэлцэх үед шүүх хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх хэмжээ, эцэг, эхтэй уулзах хуваарийг нэг дор шийдвэрлэхээр хуульчилжээ. Хэрэв хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол түүний саналыг заавал сонсож, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний дүгнэлт, тайланг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх юм.
Шаардлагатай тохиолдолд шүүгч хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн томилж, хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн харилцаа, хүүхдийн эрх ашигт нөлөөлөх нөхцөл байдлыг нарийвчлан судлуулсны үндсэн дээр шийдвэр гаргах боломжтой болсон байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, дарамтын улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой эрсдэл үүсэхээр бол шүүх эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж болохоор зохицуулжээ. Мөн тодорхой нөхцөлүүдийг хангасан, хүүхэдгүй хосуудын харилцан зөвшөөрсөн гэр бүл салалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн байна.
Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэгт ч шинэ зохицуулалт тусгажээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтэй өсвөр насны хүүхэд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой болсон бөгөөд тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хамгаалалт, хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэглэх эрх зүйн үндэс бүрджээ.
Мөн нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны тусгай шүүх байгуулах, шаардлагатай барилга байгууламж, хүний нөөц, цахим системийн санхүүжилтийг шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн болон эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэх арга хэмжээг Засгийн газарт даалгасан байна.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон түүнтэй хамт баталсан холбогдох хуулиудыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс, харин хэрэгжилтийг хангахтай холбоотой УИХ-ын тогтоолыг 2026 оны долоодугаар сарын 15-наас мөрдөж эхэлжээ.





