Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах 22 хуулийн төслийг өнөөдөр /2026.07.02/ УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Одоогийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг зорилтот бүлэгт зориулсан 12 төрлийн халамжийн хөтөлбөр хэрэгжиж байна.
2025 онд Нийгмийн халамжийн сангаас 2.4 их наяд төгрөг зарцуулсны 27.8 хувь нь зорилтот бүлгийн иргэдэд, харин 70 гаруй хувь нь хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсний тэтгэмж, насны хишиг, одонтой эхийн мөнгөн урамшуулал зэрэг нийтлэг халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулагджээ.
Халамжийг илүү зорилтот болгоно
Хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь халамжийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлж, тусламжийг бодитоор шаардлагатай иргэдэд чиглүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн тэгш байдлыг хангах юм.
Төсөлд:
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилж, төрийн мэдээллийн сан болон их өгөгдөлд (Big Data) тулгуурлах;
Хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа шаардлагатай иргэдийн хэрэгцээг цогцоор нь үнэлэх Мэргэжлийн хамтарсан зөвлөл-ийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагын дэргэд ажиллуулах;
Зарим халамж, тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшин, эмзэг байдлаас нь хамааран ялгаатай олгох;
Тодорхой халамжийг хугацаатай, нөхцөл шалгууртай болгох зэрэг шинэ зохицуулалтыг тусгажээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулна
Мөн асрамжийн газраас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй иргэн, архины хамааралтай иргэд, хорих ангиас суллагдсан хүмүүс зэрэг нийгмийн дэмжлэг шаардлагатай бүлгийг бие даан амьдрахад нь туслах үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг мөн төсөлд багтаажээ.
Төсөл батлагдвал нийгмийн халамжийн тогтолцоог илүү зорилтот, үр ашигтай, хүртээмжтэй болгож, иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд илүү чиглэсэн бодлоготой уялдуулах эрх зүйн орчин бүрдэхийг төсөл санаачлагчид онцолж байна.





