Хэн нэгэн таны мессежийг зориуд үл тоомсорлох, ярианд оролцуулахгүй байх, хүйтэн хөндий хандах үед “зүгээр л дуугүй байж” байгаа мэт санагдаж болох ч хүний тархи үүнийг илүү хүчтэйгээр хүлээн авдаг болохыг сэтгэл зүйн судалгаанууд харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар гадуурхагдах, үл тоомсорлуулах мэдрэмж нь тархинд биеийн өвдөлт мэдрэх үед идэвхждэг хэсгүүдтэй төстэй бүсүүдийг ажиллуулдаг байна. Өөрөөр хэлбэл хүний тархи нийгмийн “татгалзал”-ыг бодит өвдөлттэй төстэйгээр хүлээж авдаг аж.
Энэ талаар АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаанд оролцогчдыг бусдад зориуд үл тоомсорлогдож байгаа мэт нөхцөлд оруулахад тэдний тархины anterior cingulate cortex гэх хэсэг идэвхжсэн нь тогтоогджээ. Энэ нь бие махбодын өвдөлт мэдрэхтэй холбоотой бүсүүдийн нэг юм.
Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар хүн бол нийгмийн харилцаанд түшиглэж амьдардаг учраас хүлээн зөвшөөрөгдөх, харьяалагдах мэдрэмж тархинд маш чухал байр суурь эзэлдэг байна. Тиймээс үл тоомсорлуулах, гадуурхах, “ignore” хийх нь энгийн мэт боловч хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг аж.
Ялангуяа сошиал сүлжээ хөгжсөн өнөө үед энэ үзэгдэл илүү түгээмэл болсон байна. Мессежийг уншсан мөртлөө хариу өгөхгүй байх, бүлгийн чатад зориуд үл оролцуулах, цахим орчинд хүнийг үл хайхрах зэрэг нь зарим хүмүүст сэтгэл түгших, ганцаардах мэдрэмж төрүүлэх шалтгаан болдог гэж судлаачид үзжээ.
Мөн удаан хугацаанд үл тоомсорлуулах нь стресс, өөртөө итгэх итгэл буурах, сэтгэл гутралын шинж тэмдэгтэй холбоотой байж болохыг сэтгэл судлаачид анхааруулж байна.
Гэхдээ мэргэжилтнүүд хүн бүрийн хариу үйлдэл өөр байдаг гэдгийг онцолдог. Зарим хүмүүс үл тоомсорлолтыг амархан даван туулдаг бол нөгөө хэсэг нь илүү хүчтэй хүлээж авч, удаан хугацаанд эмзэглэх тохиолдол байдаг аж.
Судлаачдын үзэж буйгаар бусдыг зориуд үл тоомсорлох нь “чимээгүй шийтгэл” мэт нөлөө үзүүлдэг тул харилцаанд илэн далангүй ярилцах, мэдрэмжээ ойлгуулж хэлэх нь илүү эрүүл арга гэж зөвлөж байна.





