Өнөөдрийн зурхай
Ubfocus

Х.Ганхуяг: ААН-үүдийн дансыг шууд хаахгүй, үйл ажиллагаа явуулах боломжтой үлдэгдэл үлдээнэ

Sarantsetseg
Author
June 21, 2026
2 min read
87 views
Х.Ганхуяг: ААН-үүдийн дансыг шууд хаахгүй, үйл ажиллагаа явуулах боломжтой үлдэгдэл үлдээнэ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд татварын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл, аж ахуйн нэгжүүдийн данс хаах асуудлаар тодруулга хүссэн юм.

Үүнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хариулахдаа НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох Засгийн газрын саналыг ажлын хэсэг хэлэлцээд 50 сая төгрөг хэвээр үлдээх санал гаргасан гэв. Тэрбээр НӨАТ нь зөвхөн татвар бус бүртгэлийн тогтолцооны чухал хэсэг тул босгыг нэмэгдүүлэх нь татвараас зайлсхийх, орлого нуун дарагдуулах эрсдэлийг бий болгоно гэж үзжээ.

Мөн өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгжүүдийн дансыг сонгуулийн үеэр хаах асуудал гарч байсныг дурдаад, шинэ хуулиар компаниудын дансыг шууд хаахыг хориглож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд үлдэгдэл мөнгийг нь үлдээх зохицуулалт тусгасан гэдгийг онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа татварын багц хуулийн өөрчлөлтүүд олон нийтэд ямар үр өгөөж авчрах талаар тодруулсан юм.

Х.Ганхуягийн мэдээлснээр, татварын багц хууль хэрэгжсэнээр 2027-2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэж, өрхийн орлого гурван хувиар өсөх боломж бүрдэх аж.

Түүнчлэн хувь хүний орлогын албан татварын шатлалд өөрчлөлт орж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 0-792 мянган төгрөгийн орлогод тэг хувийн татвар ногдуулахаар болсон байна. Мөн 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулах зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд уул уурхайн бус салбарын компаниудад үйлчилдэг 10-25 хувийн шатлалыг 15 хувь болгон өөрчлөхөөр тусгажээ.

Мөн НӨАТ-ын тайлан гаргасны дараа компаниуд шууд татварын өртэйд тооцогддог байсныг өөрчилж, хоёр сарын хугацаанд үйл ажиллагаанд нь үнэлгээ хийсний дараа татвараа төлөх боломж олгохоор болсон байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөд эерэг нөлөө үзүүлж, зээл авах хэрэгцээг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Хуулийн төсөлд мөн анхны орон сууцаа таван жилээс доошгүй хугацаанд эзэмшиж, амьдарсан иргэдийн хувьд орон сууц худалдах үед ногдуулдаг хоёр хувийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой” компанийн татварын маргааны асуудлыг хөндөж, арбитрын шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад уг мөнгийг улсын төсөвт орсон мэтээр тайлбарлах нь буруу гэдгийг онцолсон юм.

Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран “Оюутолгой” компанид 2009-2022 оны хооронд нийт зургаан удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд зарим актуудын төлбөрийг компани төлсөн ч маргаан одоо хүртэл арбитрын шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа талаар мэдээллээ.

Related Stories