Academy of Motion Picture Arts and Sciences буюу АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академи “Оскар” шагналын дүрэмд өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ. Шинэ журмын дагуу хиймэл оюун (AI)-аар бүтээсэн дүрүүд уг шагналд нэр дэвших боломжгүй болсон байна. Тус академиас тайлбарлахдаа хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн “жүжигчид” шагнал авах эрхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн зөвшөөрлөөр бүтээсэн нь нотлогдсон дүрүүдийг нэр дэвшүүлэх боломжтой гэжээ.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд 2025 онд хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдахаар болж байна. Мөн Val Kilmer (Вэл Килмер)-ийг нас барснаас нь нэг жилийн дараа түүний AI хувилбарыг “Яг л булш мэт гүн” кинонд зориулан бүтээж танилцуулсан нь уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Шинэ дүрмээр киноны зохиолыг заавал хүн бичсэн байх шаардлагатай бөгөөд хиймэл оюуны хэрэгслүүд нь зохиолчдын шагнал авах боломжид шууд нөлөөлөхгүй ч хүний зохиогчийн эрх гол байр суурь эзлэх ёстойг онцолжээ. Хэрэв маргаан үүсвэл кино бүтээгчдээс нэмэлт мэдээлэл шаардах юм байна.
Түүнчлэн жүжигчдийн хувьд нэг төрөлд хэд хэдэн дүрээр нэр дэвших боломжийг нээж өгсөн нь өмнөх журмаас ялгаатай юм. Харин “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн бүтээлүүдийг нэг улс эсвэл бүс нутгаас олон удаа нэр дэвшүүлэх боломж бүрджээ. Өмнө нь тухайн улсын дотоод шалгаруулалтаар сонгогдсон ганц бүтээлийг оролцуулдаг байсан нь зарим, ялангуяа авторитар дэглэмтэй орнуудын уран бүтээлчдэд хүндрэл учруулдаг байв.
Ташрамд дурдахад, 2025 оны арваннэгдүгээр сард хиймэл оюунаар бүтээсэн дуу анх удаа Billboard (“Биллборд”)-ын жагсаалтыг тэргүүлж байсан нь энэ салбарт AI-ийн нөлөө улам нэмэгдэж буйг харуулж байна.





