Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрүүд үргэлжилж байхад Монголд бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ хорвоог орхисоор байна.
Дайнтай, өлсгөлөнтэй оронд хүртэл хүүхдүүд ингэж дараалан амиа алдахгүй байхад манайд хайхрамжгүй байдал, хяналтгүй орчин, хариуцлагагүй тогтолцооны золиос болж хүүхдүүд амь насаа алдсаар…
Дорнодод гөлөг аврах гэж цооногт орсон 15 настай хүү эргэж ирсэнгүй.
Дорноговьд хогийн цэгийн нурсан шороонд 13 настай хүүхэд дарагдав.
Заамарт уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай охин унаж, 60 гаруй цаг аврах ажиллагаа яваад ч аварч чадсангүй.
Хөвсгөлд ил задгай цахилгааны утаснаас болж 2 настай хүүхэд тогонд цохиулж нас барлаа.
Төв аймагт цементэн хашаанд 2 настай хүүхэд даруулж амиа алдав.
Орхонд бохирын худгаас нярай ураг олдлоо.
Дарханд өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодож осолдон, хоёр хүүхэд амиа алдлаа.
Баян-Өлгийд автомашины ослоор 17 настай охин нас барлаа.
Энэ бүхэн ганцхан “харамсалтай хэрэг” биш.
Энэ бол аюултай орчин, сул хяналт, хариуцлагагүй байдлын үр дүн.
Монголд хүүхэд аюулгүй алхах орчин алга.
Тоглох газар нь эрсдэлтэй.
Зам нь хамгаалалтгүй.
Барилга, уурхай, хашаа, цахилгаан, бохирын худаг хүртэл хүүхдийн аминд хүрч байна.
“Хүүхдэд ээлтэй улс” гэж жил бүр ярьдаг ч бодит байдал дээр хүүхдүүдээ хамгаалж чадсангүй.
Өглөө гэрээсээ гарсан хүүхэд орой ээж аавдаа эргэж ирэх эсэх нь аз болоод хувирчээ.
Хүүхдийн аюулгүй байдал бол зөвхөн эцэг эхийн асуудал биш.
Төрийн хяналт, байгууллагын хариуцлага, иргэн бүрийн ухамсар нийлж байж хүүхэд хамгаалагдана.
Дараагийн эмгэнэлт мэдээг хараад хэсэгхэн харамсаад өнгөрөх биш, хүүхэд амьдрах орчноо үнэхээр өөрчлөх цаг болсон.





