Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хүүхэд, нярайн амь насыг аврах зүрх, уушгины үйл ажиллагааг түр орлон дэмжих ЭКМО технологийг ЭХЭМҮТ-д нэвтрүүлэхээр боллоо

Sarantsetseg
Author
July 31, 2026
2 min read
300 views
Хүүхэд, нярайн амь насыг аврах зүрх, уушгины үйл ажиллагааг түр орлон дэмжих ЭКМО технологийг ЭХЭМҮТ-д нэвтрүүлэхээр боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд дэлхийн жишигт тооцогддог ЭКМО (ECMO) технологийг нэвтрүүлэхээр болж, төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийг Монгол Улсын Хүннү Ротари клуб болон Япон Улсын Киото Өмнөд Ротари клуб хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Нярайн зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт ЭКМО аппаратыг хандивлахаар болсон байна.

Санамж бичигт Япон Улсын Киото Өмнөд Ротари клубийн ерөнхийлөгч Такеда Риюжи, Монгол Улсын Хүннү Ротари клубийн ерөнхийлөгч Номундарь, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр нар гарын үсэг зуржээ.

ЭКМО гэж юу вэ?

ЭКМО буюу Extracorporeal Membrane Oxygenation нь зүрх, уушгины үйл ажиллагаа хүндээр алдагдсан үед эдгээр эрхтний үүргийг түр хугацаанд орлон гүйцэтгэж, цусыг биеийн гадна хүчилтөрөгчөөр ханган дахин эргэлтэд оруулдаг эрчимт эмчилгээний өндөр технологи юм.

Энэхүү технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нярай болон хүүхдийн зүрхний мэс заслын дараах хүндрэл, амь насанд аюултай амьсгалын болон зүрхний дутагдал зэрэг хүнд өвчлөлийн үед өргөн хэрэглэдэг бөгөөд амьд үлдэх боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.

Эмч нарыг сургаж, технологийг бүрэн нутагшуулна

Төслийн хүрээнд зөвхөн ЭКМО аппаратыг суурилуулаад зогсохгүй эмч, сувилагч, инженер зэрэг мэргэжилтнүүдийг үе шаттай сургаж, төхөөрөмжийг аюулгүй, үр дүнтэй ашиглах чадавхыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр ЭХЭМҮТ хүүхэд, нярайд ЭКМО эмчилгээг эх орондоо үзүүлэх боломжтой болж, гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагыг бууруулахын зэрэгцээ хүүхдийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэж үзэж байна.

Related Stories