Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хуурамч лайк, далд сурталчилгаатай инфлюзерүүдэд хуулийн хариуцлага тооцно

Sarantsetseg
Author
May 21, 2026
2 min read
202 views
Хуурамч лайк, далд сурталчилгаатай инфлюзерүүдэд хуулийн хариуцлага тооцно

Сошиал орчин дахь инфлюзерүүдийн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуультай болох асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал, нийтийн сүлжээнд зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийдэг инфлюзерүүдийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох зорилготой “Инфлюзерийн тухай” хуулийн төсөл боловсруулагджээ.

Хуулийн төсөлд инфлюзерийг тогтмол контент нийтэлж, олон нийтэд нөлөөлөх замаар шууд болон шууд бусаар орлого олдог хувь хүн, хуулийн этгээд гэж тодорхойлсон байна. Мөн арилжааны агуулга, төлбөртэй сурталчилгаа, affiliate холбоос, ивээн тэтгэлэг зэрэг ойлголтыг хуульчилж, хэрэглэгчдэд ил тод мэдээлэхийг үүрэг болгохоор тусгажээ.

Төсөлд “Сурталчилгаа”, “Төлбөртэй”, “Ивээн тэтгэлэг”, “Affiliate холбоос” гэх мэт шошгыг контентын эхэнд тодорхой байрлуулах шаардлага тавьсан бөгөөд бэлэг, бартер, хөнгөлөлт авсан тохиолдолд заавал мэдээлэхээр тусгасан байна.

Мөн хүүхэд, эмзэг бүлгийг хамгаалах зохицуулалт тусгагджээ. Тухайлбал, хүүхдэд чиглэсэн контентод мөрийтэй тоглоом, өндөр эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, насанд хүрэгчдийн бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хориглох аж.

Түүнчлэн “100 хувь баталгаатай”, “түргэн баяжина”, “эмчилнэ” зэрэг нотлогдоогүй амлалт өгсөн сурталчилгааг хориглох бөгөөд санхүү, эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах үед эрсдэлийн анхааруулга заавал оруулах зохицуулалт багтжээ.

Хуулийн төсөлд хиймэл оюун ухаан ашиглан хэт засварласан зураг, “өмнө-дараа” төрлийн контентыг бодит мэтээр сурталчлах тохиолдолд “AI ашигласан”, “Засварласан” гэх тэмдэглэгээ хийх шаардлага мөн орсон байна.

Мөн хуурамч сэтгэгдэл, хиймэл лайк, дагагч, үзэлт худалдаж авах, далд сурталчилгаа хийх, хэрэглэгчийг төөрөгдүүлэх “dark pattern” арга ашиглахыг хориглохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд инфлюзер, сурталчилгааны агентлаг, захиалагчид хамтран хариуцлага хүлээх бөгөөд зөрчил гаргасан этгээдэд анхааруулга өгөхөөс эхлээд торгууль ногдуулах, сурталчилгааны эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжтой болох юм.

Related Stories