Өнөөдрийн зурхай
Ubfocus

Хятад: Нүүрсний уурхайн дэлбэрэлтээр 90 хүн амиа алдав

Sarantsetseg
Author
May 24, 2026
1 min read
428 views
Хятад: Нүүрсний уурхайн дэлбэрэлтээр 90 хүн амиа алдав

Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн “Люйшэньюй” нүүрсний уурхайд хүчтэй дэлбэрэлт гарч, урьдчилсан байдлаар дор хаяж 90 хүн амиа алдаад байна. Мөн олон хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Осол болсон уурхай нь “Тунжоу” группын эзэмшилд байдаг бөгөөд дэлбэрэлт орон нутгийн цагаар тавдугаар сарын 22-ны Баасан гаригийн 19:29 цагийн орчимд болсон байна. Тухайн үед уурхайд нийт 247 ажилтан ажиллаж байжээ.

Ослын дараа Хятадын дарга Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлах, шархадсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна.

Мөн ослын шалтгааныг нарийвчлан шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу арга хэмжээ авахыг Хятадын Засгийн газарт даалгажээ. Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр уурхайн удирдлагын зарим албан тушаалтныг аль хэдийн баривчилсан байна.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан бүрэн тогтоогдоогүй байгаа ч уурхайд нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO хийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байж болзошгүй гэж урьдчилан үзэж байгаа аж.

Шаньси муж нь Хятадын нүүрс олборлолтын гол бүсүүдийн нэг бөгөөд уурхайн осол өмнө нь ч удаа дараа гарч байжээ. Сүүлийн жилүүдэд аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулсан ч уурхайтай холбоотой осол, эндэгдэл бүрэн буураагүй хэвээр байна.

Related Stories