Ойрх Дорнод дахь дайныг зогсоох гол нөхцөлүүдийг тусгасан 14 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Иран улсын эрх баригчид АНУ-д хүргүүлсэн талаар “Fars”, “Tasnim” агентлагууд ням гарагт шилжих шөнө мэдээллээ.
Одоогоор Техран Вашингтоны хариуг хүлээж байгаа бөгөөд энэхүү баримт бичиг нь АНУ-ын өмнө нь санал болгосон 9 заалт бүхий төлөвлөгөөнд өгсөн хариу хувилбар аж.
“Tasnim” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёр сарын хугацаатай гал зогсоох санал дэвшүүлсэн бол Ираны эрх баригчид “бүх асуудлыг нэг сарын дотор шийдвэрлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн тэд “анхаарлыг гал зогсоох хугацааг сунгахад бус, дайныг бүрэн дуусгахад төвлөрүүлэх ёстой” хэмээн онцолсон байна.
Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах Ираны хувилбарт Вашингтоноос үл довтлох баталгаа гаргах, хил орчмын бүс нутгуудаас АНУ-ын цэргийг бүрэн гаргах, тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоох, Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх зэрэг шаардлагуудыг тусгажээ. Түүнчлэн учирсан хохирлыг нөхөн төлөх, хориг арга хэмжээг цуцлах, бүс нутаг дахь байлдааны ажиллагааг бүрэн зогсоох (үүнд Израил-аас Ливан руу довтлохыг зогсоох) болон Ормузын хоолой-н үйл ажиллагааны шинэ механизм бий болгохыг шаардсан байна.
Харин Donald Trump Техраны саналыг хүлээн авах эсэхдээ эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь Ираны дэвшүүлсэн саналыг шүүмжилж, “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эрх баригчид өгч чадахгүй зүйлийг нэхэж байна” хэмээн мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч тавдугаар сарын 3-нд Иран шинэ санал хүргүүлснийг баталж, уг баримт бичгийг удахгүй судлахаа мэдэгдсэн ч түүний агуулгад сэтгэл хангалуун байх эсэхдээ эргэлзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна.
Тэрбээр “Тэд сүүлийн 47 жилийн хугацаанд хүн төрөлхтөн, дэлхий дахинд учруулсан хор хохирлынхоо төлөө хангалттай өндөр үнэ төлөөгүй байгаа тул уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж төсөөлөхгүй байна” хэмээн “Truth Social” сүлжээндээ бичжээ.





