Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын цалинтай холбоотой асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргасныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр, “Тавдугаар сарын 1-нээс эхлэн боловсролын салбарын ажилтнууд бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн маргаанд цэг тавилаа” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрбээр багш нарын цалингийн тогтолцоонд үүссэн асуудлыг онцолж, хувьсах зардлын тогтолцоо алдагдсан байсан талаар дурдсан юм. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэ зохицуулалтаар багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд мөрдөж байсан 90/10 харьцаа алдагдаж, 100 хувь цалин, урсгал зардалд чиглэсэн тогтолцоо бий болсон нь хүндрэл үүсгэсэн байна.
Иймд Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлуулж, үүнд тулгуурлан багш нарын нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцох шийдвэрийг гаргасан гэдгийг салбарын сайд онцоллоо.




