Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын Боловсролын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд Вьетнамын их, дээд сургуулиудад суралцах 15 оюутанд тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн мэдээлэл
Суралцах түвшин: Бакалавр, магистр, доктор.
Квот: Нийт 15 суралцагч.
Тэтгэлэгт багтах зардлууд:
Сургалтын төлбөр;
Дотуур байр;
Сар бүрийн амьжиргааны тэтгэмж.
Сургалтын хэл: Вьетнам хэлээр явагдана. Хэлний мэдлэггүй нэр дэвшигчид 1 жилийн хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой.
Тавигдах шаардлага
Монгол Улсын иргэн байх;
Тасралтгүй суралцах боломжтой байх;
Сонгон шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх;
Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80-аас дээш дүнтэй суралцаж буй, эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голчтой суралцаж байх;
Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын түвшнийг 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх (2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын түвшнийг 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй сурч төгссөн байх (2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай);
Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.
Бүртгэл ба хугацаа
2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл;
Өргөдлийн материал илгээхдээ scholarship.esis.edu.mn-д хандан бүртгэл үүсгэж, цахим өргөдөл бөглөн илгээнэ үү.
Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Вьетнамын тал нэр дэвшигчдийн чадвар, мэргэжилд үндэслэн их сургуульд хуваарилна.
Бүрдүүлэх бичиг баримт
Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /англи хэлээр 300-400 үгтэй байх/;
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж, англи хэлээрх орчуулгын хамт хавсаргах/;
Их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар англи хэлээрх орчуулгын хамт /Их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд суралцдаг тохиолдолд/;
Гадаад хэлний мэдлэгийн батламж (IELTS, TOEFL, Duolingo);
Гадаад паспортын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Эрүүл мэндийн шинжилгээний хуудас;
Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой/.
Магистр, докторын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /ЭНД ДАРЖ татаж авна уу/;
Тодорхойлох захидал /багш-1, ажлын газар-1/;
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /англи хэлээр 400-500 үгтэй байх/;
Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар /нотариатаар баталгаажуулж англи хэлээрх орчуулгын хамт хавсаргах/;
Гадаад хэлний мэдлэгийн батламж (IELTS, TOEFL, Duolingo);
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын хөтөлбөрт өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах);
Гадаад паспортын хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Эрүүл мэндийн шинжилгээний хуудас;
Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой/.
Анхаарах зүйлс
Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. (Илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирнэ.)
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09:00-17:00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар 09:00-17:00 цагт Боловсролын яамны 51-263495 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй. Тэтгэлэг горилогч нь суралцах сургуулиа Вьетнамын их, дээд сургуулиудаас өөрөө сонгох боломжтой байх ба эцсийн шийдвэрийг Вьетнамын Боловсрол, сургалтын яам гаргахыг анхаарна уу.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.




