Manchester City Английн хөлбөмбөгийн FA Cup-ын хагас шигшээд Southampton багийг 2:1-ээр буулган авч, аваргын төлөөх тоглолтод дөрөв дэх жилдээ дараалан шалгарлаа.
Эхний гоолыг тоглолтын 79 дэх минутад Саутгемптоны Finn Azaz оруулж, багтаа тэргүүлэл авчирсан ч Манчестер Сити төгсгөлийн мөчүүдэд эргэн ирэлт хийжээ. Тодруулбал, 83 дахь минутад Jérémy Doku тэнцээний гоол оруулсан бол 87 дахь минутад Nico O'Reilly хожлын бөмбөгийг шигтгэн тоглолтын хувь заяаг шийдсэн байна.
Ингэснээр Манчестер Сити финалд өнөөдөр тоглох Chelsea болон Leeds United багуудын хожсонтой аваргын төлөө өрсөлдөхөөр болов.
1871 оноос хойш зохион байгуулагдаж буй FA Cup нь дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээнүүдийн нэгт тооцогддог. Тус тэмцээний түүхэнд Arsenal хамгийн олон буюу 14 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол Манчестер Сити долоон удаа аваргаар шалгарч байжээ.
Харин Саутгемптон клуб цомыг ердөө нэг удаа, 1976 онд өргөсөн түүхтэй. Өнгөрсөн жил Crystal Palace түүхэндээ анх удаа Английн цомын эзэн болж байсан юм.
Манчестер Сити ийнхүү дахин финалд шалгарснаар Английн цомд ноёрхлоо үргэлжлүүлэх боломжоо хадгалж үлдлээ.





