Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нийслэлд 08.15-наас тэгш, сондгой дугаараар зорчино: 07:00–21:00 цагт хязгаарлалт үйлчилнэ

Sarantsetseg
Author
August 10, 2026
2 min read
90 views
Нийслэлд 08.15-наас тэгш, сондгой дугаараар зорчино: 07:00–21:00 цагт хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 15-ны бямба гарагаас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн сард энэ талаар мэдээлэхдээ, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо жилд дунджаар 8–10 хувиар нэмэгддэг бөгөөд энэ жилийн зохицуулалтыг өмнөхөөс ялгаатайгаар бүсчлэлгүйгээр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Зохицуулалт хэрэгжих хугацаанд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн автомашин сондгой өдөр хөдөлгөөнд оролцоно.

Хязгаарлалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх бөгөөд уулзвар бүрд байрлах хяналтын камерын тусламжтайгаар хэрэгжилтэд хяналт тавихаар төлөвлөжээ.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлахгүй, бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр мэдээлсэн байна.

Энэ удаагийн хязгаарлалт нь ирэх долоо хоногт Монгол Улсад эхлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай мөн холбоотой. Тус хуралд 4000 орчим хүн оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохицуулалт хийхээр болсон байна.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл

Дараах төрлийн тээврийн хэрэгсэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад хамаарахгүй:

  • 🟢 Ногоон улсын дугаартай цахилгаан тээврийн хэрэгсэл

  • 📰 Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл

  • 🎖️ Дипломат байгууллага болон гадаадын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл

  • 🚌 Ажилчид болон сургуулийн автобус

  • 🚕 Стандартын шаардлага хангасан такси

  • 🥬 Хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл

  • ⚰️ Оршуулгын үйл ажиллагаанд үйлчлэх тээврийн хэрэгсэл

  • 🚌 Жуулчин тээврийн хэрэгсэл

  • 🚑 Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээврийн хэрэгсэл

  • 🚛 Хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажилладаг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл

Товчхондоо: 08.15–09.12-ны хооронд 07:00–21:00 цагт тэгш, сондгой дугаараар зорчино. Харин 09.01-нд хязгаарлалтгүй.

Related Stories