Нийслэлийн 2026 оны төсөвт дахин тодотгол хийхээр болжээ. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш болон бензиний үнэ өссөн. Үүний улмаас нийтийн тээврийн салбарт нэмэлт зардал үүсэж байна. Тиймээс нийслэлийн төсөвт ойрын хугацаанд, зургаадугаар сарын 10-наас өмнө тодотгол хийх шаардлага үүссэн” хэмээн хэлэв.
Мөн дизель түлш ашигладаг салбаруудад нэмэлт санхүүжилт олгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг онцолсон байна.
Хийн түлшний хэрэглээний тухайд, гэр хорооллын 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид дахин 10,000 айлд хийн түлшний зуух суурилуулахаар төлөвлөжээ. Гэвч ОХУ-аас импортолж буй хийн түлшний татвар 5 доллараас 120 доллар хүртэл өссөн тул нийлүүлэлтийн асуудлыг хоёр улсын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай болсон талаар дурдсан байна.
Сануулахад, нийслэлийн төсөвт энэ оны гуравдугаар сард мөн тодотгол хийж, трамвай төслийг хэрэгжүүлэхэд 325 тэрбум төгрөг зарцуулахаар баталж байсан юм.





