Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ногоон карт хүсэгчдэд зориулсан журамд өөрчлөлт оржээ

Sarantsetseg
Author
June 2, 2026
2 min read
353 views
Ногоон карт хүсэгчдэд зориулсан журамд өөрчлөлт оржээ

Дональд Трамп-ын засаг захиргаа АНУ-д байнгын оршин суух зөвшөөрөл буюу “ногоон карт” хүсэгчдэд зориулсан шинэ журмыг танилцуулжээ. Шинэ бодлогын дагуу зарим гадаадын иргэн хүсэлтээ шийдвэрлүүлэх хугацаанд АНУ-аас гарах шаардлагатай болж магадгүй байна.

Энэхүү журам нь АНУ-д хууль ёсоор оршин сууж буй боловч байнгын оршин суугчийн статус авах хүсэлт гаргасан хүмүүст хамаарах аж. Гэхдээ “онцгой нөхцөл байдал”-д орсон иргэдэд тусгай зохицуулалт хийх боломжтойг албаныхан дурджээ.

Шинэ бодлого танилцуулагдсаны дараа олон нийтийн дунд үл ойлголцол үүссэн байна. Учир нь өмнө нь АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс, оюутан болон ажлын виз эзэмшигчид, дүрвэгсэд, улс төрийн орогнол хүсэгчид зэрэг хууль ёсны статустай хүмүүс АНУ-д байх хугацаандаа ногоон картын хүсэлтээ өгч, бүх үйл явцаа тус улсад үргэлжлүүлэх боломжтой байсан юм.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам-наас мэдэгдэхдээ шинэ бодлого нь “хууль ёсоор ажиллаж, амьдарч ирсэн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд төдийлөн нөлөөлөхгүй” гэж тайлбарлажээ.

Мөн цагаачлалын хуульчдын үзэж буйгаар H-1B буюу мэргэжлийн ажилтны виз эзэмшигчид шинэ шаардлагаас чөлөөлөгдөх магадлал өндөр байгаа аж. Учир нь энэ төрлийн виз нь “давхар зориулалттай” ангилалд багтдаг бөгөөд эзэмшигчиддээ АНУ-д түр оршин суухын зэрэгцээ ногоон карт хүсэх эрх олгодог байна.

Харин Америкийн Цагаачлалын хуульчдын холбооны төлөөлөгчдийн хэлснээр шинэ журам нь визийн хугацаа хэтрүүлсэн хүмүүст илүү чиглэж байж болзошгүй аж. Үүнд визийн хугацаа дууссан ч АНУ-д үлдсэн гадаадын иргэд, шашны байгууллагын ажилтнууд болон зарим цагаач ажилтнууд хамрагдаж магадгүй байна.

Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү бодлого нь АНУ-ын цагаачлалын системийг чангатгах Трампын засаг захиргааны бодлогын нэг хэсэг бөгөөд хэрэгжиж эхэлбэл олон мянган өргөдөл гаргагчийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй байна.

Related Stories