БНСУ-ын “К-гоо сайхан” салбар 2025 онд түүхэн амжилт тогтоож, худалдааны ашиг нь анх удаа 10 тэрбум ам.долларыг давлаа.
Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашиг 2025 онд 10.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 13.5 хувиар өссөн байна.
Тус улс 2012 онд гоо сайхны бүтээгдэхүүнээс ердөө 90 сая ам.долларын ашиг олж байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү үзүүлэлт огцом өсжээ. Тухайлбал:
• 2022 онд — 6.6 тэрбум ам.доллар
• 2023 онд — 7.1 тэрбум ам.доллар
• 2024 онд — 8.9 тэрбум ам.доллар
• 2025 онд — 10.1 тэрбум ам.доллар
Ингэснээр гоо сайхны бүтээгдэхүүний салбар нь БНСУ-ын нийт 78 тэрбум ам.долларын гадаад худалдааны ашгийн 12.9 хувийг бүрдүүлж, улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг гэдгээ дахин баталлаа.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “К-beauty” брэндийн өсөлтөд К-поп, Солонгосын олон ангит кино, соёлын экспорт дэлхий даяар хүчтэй нөлөө үзүүлж байгаа аж.





