Та өөртөө "Би сандарч болохгүй", "Би алдаа гаргаж болохгүй" гэж хэлж байсан уу?
Сэтгэл судлалын судалгаагаар тархи эхлээд "сандарна", "алдаа гаргана" гэсэн агуулгыг боловсруулж, дараа нь үгүйсгэлийг ойлгодог. Тиймээс ийм төрлийн дотоод яриа хүсээгүй бодлыг улам тодруулж, түүнд анхаарал төвлөрүүлэхэд хүргэдэг.
Жишээлбэл:
"Би сандарч болохгүй." гэхийн оронд "Би тайван байна."
"Би алдаа гаргаж болохгүй." гэхийн оронд "Би анхааралтай ажиллана."
"Битгий ай." гэхийн оронд "Зоригтой бай." гэж хэлэх нь зөв аж.
Сэтгэл судлаачид өөртэйгөө ярилцахдаа юунаас зайлсхийхээ биш, юу хийхээ эерэг хэлбэрээр илэрхийлэх нь илүү үр дүнтэй гэж зөвлөдөг. Ингэснээр тархи хүссэн үйлдэл, төлөвтөө анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог.
Сонирхолтой нь, "Цагаан баавгайг битгий бод" гэж хэлэхэд хүмүүсийн ихэнх нь хамгийн түрүүнд цагаан баавгайг төсөөлдөг. Энэ үзэгдлийг сэтгэл судлалд "White Bear Effect" буюу бодлыг дарах парадокс гэж нэрлэдэг.
Эх сурвалж: Daniel M. Wegner (1994). Ironic Processes of Mental Control. Daniel M. Wegner (1987). Paradoxical Effects of Thought Suppression.





