Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Тажикстан Улс болон Бүгд Найрамдах Туркменистан Улсын тээврийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, тээвэр, ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, Евразийн бүс нутгийг холбосон шинэ тээврийн урсгал бий болгох боломжийн талаар хэлэлцсэн байна.
Энэ үеэр сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс Төв Азийн орнуудтай тээврийн холболтоо өргөжүүлэх стратегийн зорилготой байгааг онцолж, шинэ тээврийн коридор хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.
Мөн Монгол, Тажикстан улс хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулахаар бэлтгэж байгааг мэдээлсэн бол Туркменистантай “Дунд коридор”-ын чиглэлд хамтран ажиллах асуудлыг онцгойлон хэлэлцжээ.
Түүнчлэн Тажикстаны Душанбе хотод болох “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага”-ын Сайд нарын зөвлөгөөний 53 дугаар чуулганд Монголын талаас Төмөр замын газрын дарга Б.Артур оролцохоор болсон байна.






