Өнөөдрийн зурхай
Ubfocus

Олон хүн харж байхад яагаад хэн ч тусалдаггүй вэ?

Sarantsetseg
Author
May 30, 2026
2 min read
589 views
Олон хүн харж байхад яагаад хэн ч тусалдаггүй вэ?

Хүн аюулд орсон үед олон хүн цугласан байвал тусламж хурдан ирэх мэт санагддаг. Гэвч сэтгэл зүйд үүний яг эсрэг үзэгдэл байдаг аж. Үүнийг “Bystander effect” буюу “олон хүний дундах үл оролцох нөлөө” хэмээн нэрлэдэг байна.

Энэхүү үзэгдэл нь хүн ганцаараа байх үедээ бусдад туслах магадлал өндөр байдаг ч олон хүний дунд орсон үед эсрэгээрээ идэвхгүй болж, “өөр хүн туслах байх” хэмээн хүлээх хандлагатай болдгийг тайлбарладаг.

Энэ талаархи хамгийн алдартай тохиолдол 1964 онд АНУ-ын Нью-Йорк хотод гарч байжээ. Китти Женовезе гэх эмэгтэй халдлагад өртөх үед ойролцоох олон хүн түүний орилох дууг сонссон ч цөөн хүн л шууд тусламж үзүүлсэн гэх мэдээлэл тухайн үед олон нийтийг цочроож, улмаар сэтгэл зүйчдийн судалгааны үндэс болсон байна.

Үүний дараа эрдэмтэд хэд хэдэн туршилт хийжээ. Судалгаанд оролцогчдыг өрөөнд ганцааранг нь болон олон хүнтэй хамт суулгаад, өөр өрөөнөөс хүн өвдөж байгаа мэт орилох дуу гаргасан байна. Ганцаараа байсан хүмүүсийн ихэнх нь шууд туслахаар хөдөлсөн бол олон хүнтэй байсан оролцогчид бусдын үйлдлийг ажиглаж, удаан хариу үзүүлжээ.

Судлаачид үүнийг “хариуцлага тарамдах” үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл олон хүн байгаа үед хүн бүр “өөр нэгэн арга хэмжээ авах байх” гэж боддог байна. Мөн хүмүүс бусдын тайван байдлыг хараад нөхцөл байдлыг аюулгүй гэж эндүүрэх тохиолдол ч бий аж.

Энэхүү үзэгдэл өнөөдөр зөвхөн бодит амьдралд төдийгүй цахим орчинд ч түгээмэл ажиглагддаг болсон. Жишээлбэл сошиал орчинд хэн нэгэн дээрэлхүүлж, тусламж хүсэж байхад олон хүн зүгээр ажиглаад өнгөрөх нь бий. Учир нь “аль хэдийн өөр хүн тусалсан байх” гэсэн бодол хүмүүст төрдөг байна.

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар ийм нөхцөлд тусламж авах хамгийн үр дүнтэй арга нь нийтэд бус тодорхой нэг хүнд шууд хандах байдаг аж. Тухайлбал “хэн нэгэн түргэн дуудаач” гэхээс илүү “та хар хүрэмтэй хүн 103 дуудаарай” гэж хэлэхэд хүмүүс илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг байна.

Эрдэмтэд хүний энэ зан төлөвийг ойлгох нь осол, хүчирхийлэл, дээрэлхэлт зэрэг нөхцөлд хүмүүсийг илүү идэвхтэй оролцох сэдэлтэй болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Related Stories

Олон хүн харж байхад яагаад хэн ч тусалдаггүй вэ? | Ubfocus