Петер Мажар Унгарын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдож, Виктор Орбаны 16 жилийн засаглал өндөрлөлөө.
Тэрбээр парламентын тангараг өргөх ёслолын үеэр “ард иргэд засгийн газрын бус, тогтолцооны өөрчлөлт хүсэж байна” хэмээн мэдэгдэж, авлигын эсрэг тэмцэл, хууль дээдлэх зарчим болон Европын Холбоотой харилцааг сэргээхээ онцолсон байна.
Унгарын парламентын санал хураалтад оролцсон 195 гишүүний 140 нь Петер Мажарыг дэмжсэнээр тэрээр дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ. Түүний тэргүүлдэг “Тиса” нам энэ оны сонгуулиар парламентын 199 суудлын 141-ийг авч үнэмлэхүй олонх болсон байна.
Петер Мажар өмнө нь эрх баригч “Фидес” намын дотоод хүрээнд ажиллаж байсан ч 2024 онд намын бодлогыг шүүмжилж, шинэ улс төрийн хөдөлгөөн байгуулснаар олны анхааралд оржээ. Улмаар богино хугацаанд сөрөг хүчний гол лидер болж, өнгөрсөн сарын сонгуулиар Виктор Орбаныг ялсан байна.
Шинэ Засгийн газар эдийн засгийн шинэчлэл хийх, Европын Холбооны царцаасан санхүүжилтийг сэргээх, төрийн байгууллагуудын хараат бус байдлыг нэмэгдүүлэхээ амлаж байгаа юм. Сонгуулийн үр дүн гарсны дараа Унгарын мөнгөн тэмдэгт болох форинтын ханш чангарч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Мөн тангараг өргөх ёслолын үеэр парламентын ордонд Европын Холбооны тугийг дахин байрлуулсан нь Унгарын шинэ засгийн газрын барууны чиг баримжааг илтгэсэн бэлгэдэл болсон талаар ажиглагчид дүгнэж байна.





