БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэхүү айлчлал нь бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал хурцадсан үед болж буйгаараа дэлхийн анхаарлыг татаж байгаа бөгөөд Бээжин, Пёньяны харилцаа улам ойртож буйг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Талуудын уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, бүс нутгийн аюулгүй байдал, цэрэг-улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Мөн Орос–Украины дайн, АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалттай холбоотой асуудлууд ч яригдаж магадгүй байна.
Ши Жиньпиний хувьд сүүлийн жилүүдэд Умард Солонгостой стратегийн түншлэлээ бэхжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзаж байсан юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү айлчлал нь Хятад, Орос, Умард Солонгосын харилцаа ойртож буйг харуулахын зэрэгцээ АНУ тэргүүтэй барууны орнуудад улс төрийн тодорхой мессеж өгөх ач холбогдолтой байж болзошгүй байна.





