Өнөөдрийн зурхай
Ubfocus

Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгажээ

Sarantsetseg
Author
May 11, 2026
2 min read
1,021 views
Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгажээ

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдэд Татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдэд Татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийж, татварын орлогын тогтвортой байдлыг хадгалах нь эдийн засгийн чухал суурь гэдгийг онцоллоо. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хууль болон УИХ-ын гишүүдээс санаачилсан ижил төстэй төслүүдийг хамтатган хэлэлцэх эсэх нь парламентын бүрэн эрхийн асуудал гэдгийг дурдсан юм. Мөн “Иргэдээс төвлөрүүлж буй татварын орлого эргээд нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй салбарт зарцуулагдах ёстой. Гэхдээ тухайн орлогын эх үүсвэрийг бүрэн алдагдуулах эрсдэлтэй өөрчлөлтөөс болгоомжлох шаардлагатай” хэмээн мэдэгдлээ.

Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 10 хувиас нэг хувь болгон бууруулах санал нь иргэдэд таатай сонсогдож болох ч орон нутгийн төсвийн гол эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон байна.

Иймд Засгийн газар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг дэмжих зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг ХАОАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Ингэснээр нэг иргэн жилд дунджаар 950 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх аж.Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ нь улсын төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд буцаан олголтыг таван хувь болговол төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр буурах эрсдэлтэйг Сангийн сайд анхаарууллаа.

Харин бизнесийн орчныг дэмжих хүрээнд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр компаниуд орлогоо олсны дараа татвараа төлөх боломж бүрдэх юм.

Related Stories

Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгажээ | Ubfocus