Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар төгрөгийн хадгаламж 27.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24.9 хувь буюу 5.5 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 хувь буюу 375.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна.
Нийт төгрөгийн хадгаламжийн 81.4 хувь буюу 22.3 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж эзэлж байгаа бол үлдсэн 18.6 хувь буюу 5.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа аж.
Мөн валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувь буюу 347.8 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 2.1 хувь буюу 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ дөрөвдүгээр сарын эцэст 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2025 оны мөн үеэс 6.9 хувь буюу 77.9 тэрбум төгрөгөөр өссөн боловч өмнөх сараас нэг хувь буюу 12 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.





