Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлыг хэлэлцэж буй ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслүүдээс Туулын хурдны зам болон “Сэлбэ 20 минут” төслийн хэрэгжилт, санхүүжилт, хууль эрх зүйн үндэслэлтэй холбоотой асуудлыг онцлон хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтийг сонслоо.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Туулын хурдны замын төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, 2025 оны төсвийн тодотголоор төслийн нийт төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөгөөр баталж, тухайн онд 800 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгасан гэдгийг онцлов. Үүнээс 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанийн урьдчилгаа төлбөрийн баталгаа хэлбэрээр олгосон байна. Мөн төслийн хүрээнд 7.8 тэрбум төгрөгийн бусад зардал гаргажээ.
Аудитын байгууллагаас уг төсөлтэй холбоотой дөрвөн асуудалд хариуцлага тооцуулах санал гаргаж, 12 зөвлөмж боловсруулсан бөгөөд эцсийн аудитын дүгнэлтийг энэ сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв.
Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа төслийн техник, эдийн засгийн үндэслэлд холбогдох зөвлөмжүүдийг тусган ажиллаж буйг мэдээллээ. Үүнд нийслэлийн замын түгжрэлийн судалгааг нарийвчлах, Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрч буй төмөр замын трассыг шилжүүлэх боломжийг судлах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг тусгах зэрэг асуудал багтжээ.
Сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан нийслэлийн өр төлбөр, үнэт цаасны асуудлаар тайлбар өгсөн байна.
Тэрбээр нийслэл өнөөдрийн байдлаар дотоод, гадаад зах зээлээс нийт 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд үүний нэг хэсэг болох Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцжуулалтын төслийн хүрээнд 500 сая ам.долларын бонд босгосныг дурдав. Уг бондын эргэн төлөлтийн хугацаа ирэх онд дуусах бөгөөд эрсдэл үүссэн тохиолдолд Засгийн газар хариуцах эрх зүйн зохицуулалттай гэдгийг онцоллоо.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мега төслүүдтэй холбоотой шалгалт үргэлжилж байгааг дурдаад, хууль хяналтын байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй нөхцөлд төсөвт суусан хөрөнгийг өөрчлөн зарцуулах боломжгүй гэв.
Мөн нийслэлийн төсвийн тодотголыг хоёр үе шаттайгаар оруулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, эхний тодотголд өвөлжилтийн бэлтгэл, шатахууны үнийн өсөлттэй холбоотой арга хэмжээнүүдийг тусгах бол төсвийн таналтын шинжтэй тодотголыг наймдугаар сард өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ.
Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтыг ил тод болгох шинэчилсэн шилэн дансны платформыг энэ сарын 25-наас ашиглалтад оруулахаар бэлтгэж байгааг онцолсон юм.
Сонсголын үеэр шинжээчид нийслэлийн төсвийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой дүгнэлтээ танилцууллаа.
Дүгнэлтэд, 2025 онд батлагдсан 118 төсөл, арга хэмжээнээс 23 нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй байсан бөгөөд газрын зөвшөөрөл, байршил нь тодорхойгүй байхад бэйсболын талбай барих төсвийг баталсан зөрчил илэрснийг дурджээ.
Мөн НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил болон хяналтын хараат бус байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.
Шинжээчдийн тооцоолсноор нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөг бөгөөд эдгээрийг 2024-2031 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч нийт санхүүжилтийн 66 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч эх үүсвэр бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүдийн хэрэгжилтэд эрсдэл үүсгэж байгааг онцолсон байна.
Түүнчлэн санхүүжилт удааширснаас зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зэрэг бэлтгэл ажлын шатанд зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болох, улмаар төслийн нийт өртөг өсөх эрсдэл байгааг шинжээчид анхаарууллаа.





