Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний таван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Энэ үеэр ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар мэдээлэв.
Түүний мэдээлснээр, 2026 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляцын түвшин 11.2 хувьтай гарсан байна. Инфляц өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны үзүүлэлтийн тухайд, оны эхний таван сарын байдлаар худалдааны тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар өссөн бол импорт 8.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Мөнгө, санхүүгийн салбарт мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 27.3 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт зээлийн 60 хувийг иргэдийн зээл эзэлж байгаа бол 39.2 хувийг хувийн байгууллагын, 0.2 хувийг төрийн байгууллагын, 0.6 хувийг санхүүгийн болон бусад байгууллагын зээл бүрдүүлж байгааг мэдээллээ.
Мөн төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 3.29 төгрөгөөр суларсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 13.5 их наяд төгрөгт хүрсэн ч тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний таван сарын байдлаар 28.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбар хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 61.7 хувиар өсөхөд металлын хүдэр олборлолтын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Харин хөдөө аж ахуйн салбарт энэ оны эхний таван сарын байдлаар 287.8 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 131.4 мянгаар өссөн үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч нийт гарсан төлийн 98.8 хувь буюу 18 сая төл бойжсон нь мал аж ахуйн салбарын хувьд эерэг үзүүлэлт болж байна.
Эрүүл мэндийн салбарын тухайд, оны эхний таван сарын байдлаар амьд төрсөн хүүхдийн тоо 21.7 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурсан үзүүлэлт болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад экспорт, уул уурхайн үйлдвэрлэл, мөнгөний нийлүүлэлт өссөн эерэг дүр зураг ажиглагдаж байгаа ч инфляцын өсөлт, төсвийн алдагдал, малын хорогдол болон төрөлтийн бууралт зэрэг нь анхаарал татах асуудлууд хэвээр байгааг статистикийн мэдээлэл харуулж байна.





