Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Тус хуулийн төслийг Засгийн газар 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Шинэчилсэн зохицуулалтаар нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн шимтгэлийн ачааллыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг дэмжих хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.
Хуулийн онцлох зохицуулалтууд
Анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж буй иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийн хөнгөлөлтийг 24 сарын хугацаанд эдлэх боломжтой болно.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурван хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулж байгаа бол 60 сар хүртэл хугацаанд чөлөөлнө.
Хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагчид өөрт хамгийн ашигтай хоёр хүртэлх гэрээгээ сонгон нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болж байна. Харин хөдөлмөрийн гэрээтэй ажилтан давхар ийм гэрээгээр ажиллавал тухайн орлогоосоо шимтгэл төлөхгүй байх сонголттой болно.
Ажил олгогчийн шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоохоор тусгажээ.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.5, 1.5, 2.5 хувиас 0.3, 1.2, 2.2 хувь болгон бууруулжээ.
15-24 насны ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчид хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх бөгөөд чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх боломжтой болно.
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмадуудад суурь тэтгэвэр олгох эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.
Тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулж, одоогийн дараалсан таван жилийн дундаж орлогоор тооцдог тогтолцоог үе шаттайгаар 10 жил болгон шинэчлэхээр тусгасан байна.
Тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог нэвтрүүлж, даатгуулагч шимтгэлийнхээ 1 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах боломжтой болох бөгөөд улсын төсвөөс уг хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэлх хугацаанд олгохоор болжээ.
Шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын тогтолцооны урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажил олгогчдыг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам онцоллоо.





