Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ өнөөдөр татвар, нийгмийн даатгал болон төрийн өмчит компанийн засаглалтай холбоотой 17 асуудал хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 17, 2026
1 min read
94 views
УИХ өнөөдөр татвар, нийгмийн даатгал болон төрийн өмчит компанийн засаглалтай холбоотой 17 асуудал хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт "Их хуралдай" танхимд болно.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүд онцлох асуудлуудын нэг болж байна.

Хуралдааны эхэнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Харин хэлэлцэх эсэх шатанд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төслүүд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.

Related Stories

УИХ өнөөдөр татвар, нийгмийн даатгал болон төрийн өмчит компанийн засаглалтай холбоотой 17 асуудал хэлэлцэнэ | Ubfocus