Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд багтсан байна.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн хуралдааны онцлох асуудлуудын нэг нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хууль болон төрийн нууцын шинэчилсэн зохицуулалт байх төлөвтэй байна.





