ОХУ-ын хяналтад байдаг Крымийн хойгт түлшний хомстол үүсэж, шатахууны борлуулалтад хязгаарлалт тогтоогоод байна. Үүний гол шалтгаан нь Украины дроны цохилтуудын улмаас түлш тээвэрлэлтийн гол чиглэлүүд доголдсонтой холбоотой гэж албаныхан мэдэгджээ.
Тодруулбал, Ростов мужаас Крымийг холбодог стратегийн ач холбогдолтой R-280 “Новороссия” авто зам дагуу Украины дронууд удаа дараа цохилт өгснөөр түлш тээвэрлэлт саатаж, нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл үүссэн байна.
Үүний улмаас Севастополь хотын шатахуун түгээх станцууд АИ-92 болон АИ-95 бензиний борлуулалтыг талоноор болон хязгаартай хэмжээгээр олгож эхэлжээ. Зарим шатахуун түгээх станцад урт дараалал үүсэж, иргэд хэдэн өдөр шатахуун авч чадахгүй байгаа талаар мэдээлсэн байна.
Крымийн Москвагийн дэмжлэгтэй захирагч Сергей Аксёнов түлшний хэрэглээг зохицуулах зорилгоор түр хугацааны хязгаарлалт тогтоосныг баталсан бол Севастополийн захирагч Михаил Развожаев иргэдийг шатахуун нөөцлөхгүй байхыг уриалжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэ талаар мэдэгдэхдээ Украины арми Оросын эзлэн түрэмгийлсэн бүсүүд дэх логистикийн сүлжээг онилон цохилт өгөх чадвартай болсон бөгөөд Крым дэх түлшний хомстол нь ийм ажиллагааны нэг үр дүн гэж онцолсон байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Крым дэх түлшний хямрал нь зөвхөн дроны халдлагаас гадна Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилт, нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотой бөгөөд ойрын хугацаанд нөхцөл байдал бүрэн хэвийн болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
эх сурвалж: BBC





