Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатарыг 14 хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах 60 мянган м³ агуулах барина

Sarantsetseg
Author
October 8, 2026
1 min read
270 views
Улаанбаатарыг 14 хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах 60 мянган м³ агуулах барина

Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотод 60 мянган м³ багтаамжтай улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах терминал агуулах байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулах терминал агуулахын барилгын ажлын явцтай Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар танилцжээ.

Терминал агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахаар судалж байгаа бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн хүн амыг 14-өөс доошгүй хоногийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнээр хангах улсын нөөц бүрдэх юм.

Тус агуулах нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан иж бүрэн байгууламж байхаар төлөвлөж байна. Ингэснээр улсын нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалт сайжрахаас гадна гамшиг, цар тахал, хорио цээр, хил хаагдах зэрэг онцгой нөхцөлд шаардлагатай нөөцийг тасралтгүй ашиглах боломж бүрдэх аж.

Мөн эдийн засгийн хүндрэл, нийлүүлэлтийн доголдол зэрэг эрсдэлийн үед ашиглах стратегийн зориулалттай улсын нөөцийг нэмэгдүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Related Stories

Улаанбаатарыг 14 хоног газрын тосны бүтээгдэхүүнээр хангах 60 мянган м³ агуулах барина | Ubfocus