“Monster Wolf” нэртэй энэхүү робот төхөөрөмжийг анх тариалангийн талбай, мал аж ахуйг зэрлэг амьтдаас хамгаалах зорилгоор бүтээсэн ч сүүлийн жилүүдэд баавгайн дайралт нэмэгдсэнээр орон сууцны бүс, сургууль орчим, аялал жуулчлалын газруудад хүртэл ашиглаж эхэлсэн байна.
Төхөөрөмж нь улаан LED нүд, хөдөлгөөн мэдрэгч, чанга архирах болон ульж буй дуу авиагаар зэрлэг амьтдыг үргээдэг аж. Зарим загварын дуу авиа нь нэг километр хүртэл сонсогдох хүчин чадалтай гэж үйлдвэрлэгчид мэдээлжээ.
Японы байгаль орчны байгууллагын мэдээлснээр 2025–2026 онд баавгайн үзэгдэл болон халдлагын тоо сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрч, хэд хэдэн хүний амь нас хохирсон байна. Үүний улмаас орон нутгийн иргэд хамгаалалтын шинэ технологид илүүтэй хандах болжээ.
Мөн үйлдвэрлэгч компаниуд захиалгын хэмжээ огцом өссөнөөс нийлүүлэлт удааширч, зарим хэрэглэгч төхөөрөмжөө авахын тулд хэдэн сар хүлээх болсон талаар Японы хэвлэлүүд онцолж байна.





