Өнөөдрийн зурхай
Ubfocus

З.Энхболд: Улс төрийн оргилоос шүүхийн танхим хүртэл

Sarantsetseg
Author
July 24, 2026
3 min read
141 views
З.Энхболд: Улс төрийн оргилоос шүүхийн танхим хүртэл

УИХ-ын дарга асан, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны дарга Зандаахүүгийн Энхболд анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонсож, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэгдээд байна. Түүний улс төрийн урт замнал ийнхүү шүүхийн шийдвэртэй огтлолцсон нь улс төрийн хүрээнийхэн болон олон нийтийн анхаарлыг татаж байна.

З.Энхболд 1990-ээд оны дунд үеэс төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 31 настайдаа Төрийн өмчийн хорооны даргаар томилогдон улс төрийн карьераа эхлүүлсэн юм. Дараа нь УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашсан.

Түүнийг Төрийн өмчийн хороог удирдаж байх хугацаанд "Эрдэнэт үйлдвэр"-ийн төрийн эзэмшлийн асуудал, өмчийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой шийдвэрүүд нь тухайн үеийн хамгийн анхаарал татсан үйл явдлуудын нэг болсон байдаг.

2012-2016 онд УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа парламентын үйл ажиллагааг хатуу зарчимтай удирддаг улс төрч гэсэн үнэлгээ авч байсан бөгөөд Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал зэрэг томоохон шийдвэрүүд дээр өөрийн байр сууриа илэрхийлж, олон удаа улс төрийн маргааны төвд орж байв.

Мөн 2017-2021 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж, тухайн үеийн улс төрийн томоохон үйл явдлуудад оролцсон юм.

Шүүхийн шийдвэр

З.Энхболд нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалантай хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдон шүүгдсэн.

Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хуульд заасан шат дараалсан давж заалдах боломж нээлттэй хэвээр байна.

Харин шүүхээс ял сонсохынхоо өмнө “Та нар намайг явчихаар эв нэгдлээ хангаад улс төрөө олигтой хийж 2027 онд ялна шүү. Чадахгүй бол 2028 онд байхгүй болно. Хэн дэвших нь хамаа алга МАН-ыг одоо л дарахгүй бол Монголын Ардчилал устлаа” хэмээн намынхандаа захиад шүүхийн тогтоолоо уншуулсан гэдгийг намын нөхөд нь сануулж байна.

Хэрэг нь "Страто" ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Цогтцэций–Шивээговь чиглэлийн замыг ашиглах давуу нөхцөл бүрдүүлсэн гэх асуудлаас үүдэлтэй юм.

Улс төрийн хүрээний байр суурь

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ардчилсан намын зарим гишүүн, дэмжигчид уг асуудлыг улс төрийн шинжтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Харин шүүхийн байгууллагаас уг хэрэгт гаргасан шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримт, хуульд үндэслэн гарсан болохыг мэдэгдээд байгаа юм.

З.Энхболдын хувьд Монголын улс төрд хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэгээр тооцогдож ирсэн ч түүний олон жилийн улс төрийн карьер ийнхүү эрүүгийн хэрэгтэй холбогдон шинэ шатанд шилжээд байна.

Тайлбар: Шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргах эрх хэвээр байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд хэргийг хууль зүйн хувьд бүрэн эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй.

Related Stories

З.Энхболд: Улс төрийн оргилоос шүүхийн танхим хүртэл | Ubfocus