Засгийн газраас "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай" хуулийн төсөл боловсруулж, олон нийтийн саналыг авч эхэлжээ. Төсөлд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний хэрэглээг насны ангиллаар зохицуулах хэд хэдэн шинэ заалт тусгасан байна.
Төслийн хамгийн онцлох зохицуулалт нь 13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглуулахыг хориглох тухай заалт юм. Мөн 13-16 насны хүүхдийн хэрэглээнд эцэг эх, асран хамгаалагч хяналт тавих боломжтой технологийн хамгаалалт заавал хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хуулийн төсөлд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид хүүхдийн насыг баталгаажуулж бүртгэх, 13-аас доош насны хүүхдэд бүртгэл үүсгэхгүй байх, хүүхдийн хувийн мэдээлэл, байршлын нууцлалыг хамгаалах, танихгүй хэрэглэгчээс шууд зурвас хүлээн авах боломжийг хязгаарлах зэрэг үүрэг хүлээхээр заасан байна.

Түүнчлэн хүүхдэд хортой агуулгыг эрх бүхий байгууллагын мэдэгдлийн дагуу 72 цагийн дотор хязгаарлах, хуульд заасан хориотой агуулгыг ажлын 8 цагийн дотор устгах, хиймэл оюунаар бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ байрлуулах зохицуулалт ч төсөлд багтжээ.
Мөн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй нийгмийн сүлжээний үйлчилгээнд Монгол Улсаас хандах хандалтыг үе шаттайгаар хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжийг тусгасан байна.
Одоогоор энэхүү баримт бичиг нь боловсруулж буй хуулийн төсөл бөгөөд олон нийтийн саналыг авч байгаа шатандаа байгаа юм. Хууль батлагдвал 2027 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.





