Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж болон бусад холбогдогчидтой холбоотой хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс А.Ишдоржийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон бол Ц.Хоролсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 5.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, “Онги Ус суваг” ХХК-аас хар өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгслийг гаргуулан иргэний хариуцагч Ч.Содномд олгох, мөн “Бүдума” ХХК-аас 7.3 сая төгрөг, Ч.Содномоос 65.7 сая төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Орон нутгийн хөгжлийн санд олгохоор шийдвэрлэсэн байна.
Иргэний хариуцагч Ч.Содном болон А.Ишдоржийн өмгөөлөгч Г.Нямдалай нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан аж.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар уг гомдлыг хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.





