Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР НИЙСЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Sarantsetseg
Author
October 16, 2026
2 min read
56 views
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР НИЙСЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, эрхийг хамгаалах, төрийн бодлого, шийдвэрт санал тусгах арга замыг хэлэлцлээ.

Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдлагууд оролцов.

Мөн “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Түгээмэл хөгжил төв”, “Итгэлийн оч гал дөл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийлжээ.

Хуралдаанаар явган хүний зам, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны бодлого болон нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох асуудлаар санал солилцсон байна.

“Хүртээмжтэй мэт харагдах ч стандарт хангахгүй жишээ бий”

Салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлан, бодлого шийдвэрт тусгах, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр салбар зөвлөлийн хуралдааныг улирал бүр зохион байгуулж, дараа жилийн ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг урьдчилан авч нэгтгэн, төсөвт тусгах шаардлагатайг дурдав.

Мөн хүүхдийн тоглоомын талбай, налуу зам зэрэг хүртээмжтэй байх ёстой байгууламжууд бодит байдал дээр стандарт хангахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжгүй байх тохиолдол байгааг хэлээд, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бүх шатанд тавих хяналтыг сайжруулахыг уриалжээ.

Холбогдох байгууллагуудад таван чиглэлээр үүрэг өглөө

Хуралдааны төгсгөлд Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.

  • Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах.

  • Хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх.

  • Төрийн байгууллагуудын гадна болон дотоод орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, соёл, урлагийн оролцоог нэмэгдүүлж, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах ажлыг эрчимжүүлэх.

Салбар зөвлөлийн зүгээс эдгээр ажлын хэрэгжилтэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэн ажиллах юм.

Related Stories

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР НИЙСЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА | Ubfocus