2027 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Тодруулбал, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг төсөвт тусгасан байна.
Мөн ахмадын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцтай уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Энэ талаар Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлсэн байна.
Мөн 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж буюу хар машин худалдан авахад 29.2 тэрбум төгрөг тусгажээ.
Сонгуулийн ерөнхий хороо нийт 3000 санал тоолох машин худалдан авч, ирэх оны эхний улиралд багтаан хүлээн авахаар төлөвлөсөн байна. Одоогоор эхний 1000 машиныг хүлээн авч, техникийн баталгаажуулалтыг хийж дуусгаж байгаа аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүд төрийн байгууллагуудын байр түрээсийн зардлыг хөндөж, 2027 онд төрийн байгууллага, төслийн нэгжүүд 119.8 тэрбум төгрөгөөр бусдын объект түрээслэхээр төсөвлөсөн талаар асуулт тавьжээ.
Харин төрийн өөрийн өмчийн объектыг түрээслүүлж олж буй орлого ирэх онд 1.7 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.





