Өнөөдрийн зурхай
Ubfocus

2027 оны төсөв: Байгаль орчны зардал 25.1 хувиар буурч, ХХААХҮ-ийн төсөв 10.9 хувиар өснө

Sarantsetseg
Author
October 8, 2026
2 min read
204 views
2027 оны төсөв: Байгаль орчны зардал 25.1 хувиар буурч, ХХААХҮ-ийн төсөв 10.9 хувиар өснө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд бэлчээрийн даац, малын халдварт өвчин, вакцины санхүүжилт, байгаль орчны төсөв болон “Тэрбум мод” хөдөлгөөний зардалд түлхүү анхаарч, холбогдох албаныхнаас хариулт авлаа.

Гишүүдийн зүгээс ирэх онд бэлчээрийн ачааллыг бууруулахаар төсөвт 100 га талбайд ногдох малын тоог 86-аас 98 болгон зорилтот түвшин тогтоосон ч бодитоор бэлчээрийн ачааллыг хэр хэмжээгээр бууруулах нь тодорхой эсэхийг тодруулжээ.

Мөн малын гоц халдварт болон зоонозын өвчний тархалт буурахгүй байгаа энэ үед вакцин, оношилгоо, хорио цээр, шуурхай арга хэмжээний санхүүжилт хүрэлцэх эсэх талаар асуулт тавьсан байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малын гоц халдварт өвчин, тэр дундаа шүлхийн дэгдэлт үргэлжилж байгааг онцлоод, зөвхөн вакцины төсвийг нэмэхээс илүүтэй Био комбинатын үйл ажиллагааг сайжруулж, дотооддоо вакцины савлагааны үйлдвэр яаралтай байгуулах шаардлагатай гэж хариулжээ.

Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багц 288.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 25.1 хувиар буурсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсөв 617.9 тэрбум төгрөг болж, 10.9 хувиар нэмэгдэхээр байна.

Байгаль орчны салбарын төсөвт туссан 30.2 тэрбум төгрөгийн “мэргэжлийн үйлчилгээний төлбөр”-ийн тодорхой хэсэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бусдаар гүйцэтгүүлэх ажилд зарцуулагдах аж.

Ирэх онд 1715 га-аас дээш талбайд ойжуулалт хийх, 1500-аас доошгүй га талбайд үрийн нөөц бүрдүүлэх, 1.7 сая га талбайд судалгаа хийх, 158 га-аас багагүй талбайд ойн хөнөөлт шавжийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан сүү, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үнийг унагахгүй байх, стратегийн нөөц бүрдүүлэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих шаардлагатайг онцолсон байна. Мөн сүүний урамшууллыг бууруулах бус нэмэгдүүлэх санал гаргав.

Ингээд 2027 оны төсвийн тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Related Stories